Универсиад-2018 спорт, урлагийн уламжлалт XXI их наадам Улаангом хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит, Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль,коллежийн оюутны Универсиад-2018 спорт, урлагийн уламжлалт XXI их наадам есдүгээр сарын 20-23-нд Улаангом хотноо амжилттай болж өндөрлөлөө. Бүсийн оюутны спорт, урлагийн их наадамд МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймагдахь салбар сургууль, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУБИС Архангай аймаг дахь багшийн сургууль болон БНХАУ-ын Күнзийн институтийн 300 гаруй төлөөлөгч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорьсон юм. Тус наадамд Дорнод Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн салбарын багш С.Ариунбатаар ахлуулсан МУСТА, хөгжмийн боловсролын багш Х.Мөнхбаяр, СӨБ-ийн багш Т.Шинэцэцэг, Нийгэм Хүмүүнлэгийн салбарын багш Б.Баярчимэг, Соёл, олон нийт хариуцсан мэргэжилтэн М.Мөнхжаргал тэргүүтэй Дорнод их сургуулийн баг тамирчид өндөр амжилттай оролцлоо. Наадмын үеэр Монгол улсын орон нутгийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны бүсийн Универсиад их наадам нь сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, модон бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 5 төрөл, урлагийн 6 төрөлд 8н их дээд сургуулийн 250 гаруй оюутан тамирчид өрсөлдлөө. Мөн наадмын үеэр “Оюутны хөгжил ба спорт” эрдэм шинжилгээний бага хурал, бүсийн оюутан мисс шалгаруурах тэмцээн, их дээд сургуулийн захиралуудын ажил хэргийн уулзалт ярилцлага зэрэг олон талт арга хэмжээ нэг дор амжилттай зохион байгуулагдлаа.
ДОРНОД ИХ СУРГУУЛЬ-ийн баг тамирчидаас
* Шатар /эмэгтэй/ төрөлд – Газрын тосны 3-р курсын оюутан Саруулзаяа АЛТ медаль,
* Шатар /эрэгтэй/ төрөлд – Газрын тосны 2-р курсын оюутан Бат-Эрдэнэ МӨНГӨ медаль,
* Гоцлол дууны төрөлд урлагийн боловсролын ангийн оюутан Пүрэвсайхан МӨНГӨ медаль,
* Язгуур урлагийн төрөлд – 1-р курсын оюутан Ёсөнтөмөр АЛТ медаль,
* Гоцлол хөгжимд- Багш биеийн тамирын боловсролын 1-р курсын оюутан Гомбо ХҮРЭЛ медаль,
* Теннис эрэгтэй төрөлд- Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутан Баттөгс АЛТАН медаль,
* Теннис /хосын төрөлд/ – Баттөгс, Саруул-Эрдэнэ МӨНГӨН медаль,
* Эмэгтэй сагс ХҮРЭЛ медаль хүртэж багаараа тусгай байранд шалгарлаа. Универсиад оюутны спорт, урлагийн их наадам нь их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг оюутан багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн универсиад их наадамд баруун бүсийн их дээд сургуулиудаас гадна зүүн бүсийн их сургуулиуд оролцсоноороо онцлогтой байлаа. Наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр баруун бүсийн оюутны спортын холбооны ерөнхийлөгч М.Банзаагаяа, Увс аймгийн хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ц.Лумжав нар Универсиад-2019  XXII их наадмыг зохион байгуулах эрх бүхий тугийг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал Ж.Хиналганд гардуулан өгсөн юм.