“ГАЗРЫН ТОСНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

2026.06.22
2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулийн “Газрын тосны инженерчлэл” (индекс: 072406) бакалаврын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн (БМИҮЗ) шинжээчийн баг Зүүн бүсийн сургууль дээр ажиллаж эхэллээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх мэргэжлийн чиглэл”-д хамаардаг бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудтай шууд уялдаж байгаа юм. Манай улсын газрын тосны тогтоогдон, баталгаажсан нөөцийн 98 хувь нь Зүүн бүс нутагт байдаг тул тус сургууль нь бүс нутгийн болон улс орны хэмжээнд газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалтын салбарын хүний нөөцийг бэлтгэх стратегийн чухал үүргийг гүйцэтгэж байна.
Шинжээчийн багийн ажиллах хуваарь: Шинжээчийн баг 2026 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ажиллах бөгөөд дараах үндсэн үйл ажиллагааг зохион байгуулна:
• Орчин нөхцөлтэй танилцах: Сургуулийн сургалтын орчин, мэргэжлийн лабораториуд, анги танхим болон номын сангийн үйл ажиллагаатай танилцана.
• Оролцогч талуудтай хийх уулзалт: Хөтөлбөрийн төгсөгчид болон ажил олгогч байгууллагуудын (тухайлбал: "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн төлөөлөл) төлөөлөлтэй танхим болон цахим хэлбэрээр уулзаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, төгсөгчдийн ур чадварын талаар санал солилцоно.
• Нотлох баримтын үнэлгээ: Өөрийн үнэлгээний тайланд дурдсан илрэл, нотолгоо болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой баримт бичгүүдийг хянан үзэж, багш, оюутнуудтай ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийнэ.
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь сүүлийн 10 жилийн хугацаанд Газрын тосны инженерчлэл мэргэжлээр бакалаврын түвшний 54 мэргэжилтэн бэлтгэн гаргасан бөгөөд нийт төгсөгчдийн 84 хувь нь ажлын байраар хангагдаад байна. Цаашид МУИС-ийн "Дэлхийн түвшний их сургууль" болох алсын харааны хүрээнд хөтөлбөрийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулахаар зорьж байна.
Шинжээчийн баг урьдчилсан дүгнэлтээ 06 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт танилцуулснаар энэ удаагийн хөндлөнгийн үнэлгээний ажил өндөрлөх юм.
727313256-3050931891778325-5779080517389806563-n.jpg
727276640-1816060643088011-2494762095150438094-n.jpg
730040872-1778949000142692-3676269574625784381-n.jpg
728685487-2053516382226817-8714079010934237807-n.jpg
728035853-3646816598790796-7513746674098654900-n.jpg
728184520-1526350329276826-7293430184039850480-n.jpg
726373307-2200124087475222-7303857338693603024-n.jpg