МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛЬ ОХУ-ЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

2026.05.28

Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургууль нь 2026 оны 3 дугаар сард Оросын Холбооны Улсын Красноярскийн Улсын Багшийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Тус сургуулиас зохион байгуулсан “XXI зууны залуучууд ба шинжлэх ухаан: Залуу судлаачдын судалгаан дахь орчин үеийн боловсролын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээ, практикийн чуулган (форум)-д оролцож буй МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн төлөөлөгчдийг Красноярскийн Улсын Багшийн Их Сургуулийн ректор Мария Холина хүлээн авч уулзав.

Уулзалтад МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч П.Цэнгэлмаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, Гадаад хэлний орчуулга (Хятад хэл) хөтөлбөрийн IV түвшний суралцагч Б.Ариунзаяа нар оролцсон бол Красноярскийн Улсын Багшийн Их Сургуулиас Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Нина Ильина, Гадаад харилцааны газрын дарга Вера Шишкина, багш Хасыбао нар байлцав.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан оюутан солилцооны хөтөлбөрийг хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа хэрэгжүүлэх, соёл, боловсролын чиглэлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Уулзалтын дараа МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн төлөөлөгчид Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан Красноярск хотноо зохион байгуулж буй “Монгол орон: Найз нөхдийн хүүрнэсэн түүх” олон улсын уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Үзэсгэлэнд орчин үеийн зураач, гэрэл зурагчин, уран барималчдын 60 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд эдгээр нь Монгол, Оросын ард түмний түүх, соёл, олон жилийн нөхөрлөлийг уран бүтээлээр дамжуулан илэрхийлжээ. Түүнчлэн Халхын голын дайны түүх, хоёр ард түмний дайчин нөхөрлөлийг харуулсан бүтээлүүд үзэсгэлэнд онцгой байр суурь эзэлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Инчихорлоо, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Красноярск дахь төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэгч Д.С.Макин нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв.

Тус үзэсгэлэн нь Оросын Урлагийн академи болон Оросын Уран бүтээлчдийн холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй өргөн хүрээний соёлын төслийн нэг хэсэг юм.

 DSC06352DSC06341
DSC06318
6e27bc8d97b8b0be0fbff749184b0080
DSC00240