2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын орлогч захирал болон холбогдох мэргэжилтнүүд Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуульд хүрэлцэн ирж, албан уулзалт хийлээ.
Уг уулзалтад тус сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, Сургалт, оюутны хэлтсийн дарга, доктор Н.Баярмаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, мөн МУИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сургалтын менежер Д.Одчимэг нар оролцлоо.
Уулзалтын үеэр ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Доктор Б.Мядагмаа МУИС-ийн стратеги төлөвлөгөө, Зүүн бүсийн сургуулийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хүрсэн амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, Багш боловсрол, Мэдээллийн технологи, Нийгмийн ажил зэрэг хөтөлбөрүүдэд ЖАЙКА-ийн сайн дурын ажилтныг хүлээн авч хамтран ажиллах хүсэлтийг албан ёсоор илэрхийллээ.
Тус төлөөлөгчийн газар нь 2006 оноос хойш Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Зүүн бүсийн сургуулийн багш, ажилтнуудыг сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамруулж ирсэн билээ. Түүнчлэн 2016–2018 онд ЖАЙКА-ийн сайн дурын ажилтан тус сургуулийн “Нийгмийн ажилтан” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байсан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнтэй жишээ юм.
Цаашид ЖАЙКА байгууллагатай боловсролын салбарт хамтран ажиллах хүрээг тэлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сайн дурын ажилтнуудын оролцоог өргөжүүлэх боломжууд байгааг талууд онцоллоо.