“Эрүүл оюутан” төслийн урьдчилан сэргийлэх үзлэг 2024

Аймгийн Засаг даргын 2024 оны А/24 дүгээр захирамжийн хүрээнд “Эрүүл оюутан” төслийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана. Энэ жилийн үзлэг оношлоогоог Асралт Үйлс Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмч М.Амартэгш, сувилагч Э.Ууганзаза, БОЭТөвийн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын их эмч Г.Хонгорзул, БОЭТөвийн сүрьеэгийн их эмч Д.Адьяаням, БОЭТөвийн рентген техникч Г.Оюунсугар , ЭМТөвийн Хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг, БОЭТөвийн эрүүл ахуйч эмч Э.Нарантуяа эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг оношлоогоо хийж байна.

Щвейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвөөс санаачлан хэрэгжүүлсэн “Оюутны эрүүл мэнд” сэдвийн дор зохион байгуулсан “SAY HACKATHON” Нийгмийн эгэх хариуцлага-залуусын оролцоо 2019-2020 төслийн уралдаанд Дорнод их сургуулийн оюутнууд баг болж оролцон “Оюунтан” баг /Төслийн багийн ахлагч Газрын тосны инженер хөтөлбөрийн оюутан Ч.Мягмарсүрэн, багийн гишүүн Орчуулга, Хятад хэл хөтөлбөрийн оюутан Г.Хулан, Э.Ядамжав, төслийн багийн зөвлөхөөр философийн багш Ц.Номин-Эрдэнэ нар ажиллаж байв/ “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ОЮУТАН” төслийг бичиж шалгаран, тухайн хичээлийн жилийн 5 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх эрхтэй болсон билээ.

Энэхүү төсөл нь оюутнуудыг амны хөндийн үзлэг оношилгоонд хамруулах, эмчлэх болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллээр хангаж ажиллах зорилготой бөгөөд Дорнод аймагт суралцаж буй /Дорнод их сургууль, Дорнод политехник коллеж, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв/  нийт 1200 гаруй оюутан хамрагдаж үр шимийг нь хүртсэн байна. Төсөл хэрэгжих явцад Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн энэхүү төслийг өргөжүүлэн “Эрүүл оюутан” хөтөлбөр болгон жил бүр хэрэгжүүлэх шийдвэрээ гаргаж сар бүрийн 17 өдрийг “Оюутнаа сонсох өдөр” болгон зарласан нь энэхүү төслийн бодит үр дүн юм. “Эрүүл оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад бүтэн биеийн үзлэг, оношлоогоо, зөвлөгөө өгөх бөгөөд тодорхой тооны /нас, өвчлөлөөс хамаарч/ оюутнуудын амны хөндийн эмчилгээ, үйлчилгээг багтаасан үйл ажиллагааг Дорнод аймгийн эрүүл мэндийн газар, Зүүн бүсийн оношлоогоо, эмчилгээний төв, Дорнод аймгийн засаг даргын тамгын газартай хамтран 5 дахь жилдээ үр дүнтэй зохион байгуулж байна.