Инженер, бизнесийн удирдлагын тэнхим

Тэнхимийн түүх:

2005-2006 оны хичээлийн “Математикийн тэнхим” нэртэйгээр анх байгуулагдсан ба 2007  оноос “Математик, бизнесийн тэнхим”, 2021 оноос “Инженер, бизнесийн удирдлагын тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус тэнхим нь 2005 оноос Математикийн багш, 2007 оноос Математик мэдээлэл зүйн багш, Мэдээллийн технологи, Аялал жуулчлал-Гадаад хэл, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2012 оноос Бизнесийн удирдлага, 2015 оноос Газрын тосны инженер, Уул уурхайн баяжуулалтын технологи мэргэжлээр бакалаврын өдрийн болон эчнээ ангийн элсэлт авч эхэлсэн.

2005 оноос Математикийн багш мэргэжлээр 50 гаруй оюутан, 2007 оноос Математик, мэдээлэл зүйн багш, Мэдээллийн технологи мэргэжлээр 30 гаруй оюутан, 2008-2011 оны хооронд Аялал жуулчлал-Гадаад хэл мэргэжлээр нийт 30 гаруй оюутан, 2012-2017 оны хооронд Бизнесийн удирдлага мэргэжлээр 40 гаруй оюутан, 2007 оноос Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр 170 гаруй оюутан, 2015 оноос Газрын тосны инженер, Уул уурхайн мэргэжлээр 30 гаруй оюутан нийтдээ 2005-2020 оны хооронд 300 гаруй мэргэжилтэнг бэлтгэн Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байна.

Манай тэнхимийн нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байгаа ба сүүлийн 5 жилийн ажил эрхлэлтийн судалгааг харахад мэргэжлээрээ төрийн болон бизнесийн байгууллагад нийт төгсөгчдийн 63% нь, үргэлжлүүлэн ахисан түвшинд сурч 8%, их дээд сургуулийн багш болон бусад байгууллагад 11% нь, мэргэжлийн бус гадаад, дотоодын салбарт   8%, огт ажил эрхлээгүй 6% нь, ажил эрхэлж байгаа нь тодорхойгүй 4%-тай байна.

Өнөөгийн байдал:

Инженер, бизнесийн тэнхимд 2020-2021 оны хичээлийн жилд Бизнесийн менежмент хөтөлбөрөөр 4, Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр   өдрийн 30, эчнээ 20, Газрын тосны инженер, Уул уурхайн баяжуулалтын технологи хөтөлбөрөөр 26 нийт 80 оюутан суралцаж байна. Тэнхимийн дэргэд мэргэжлийн чиглэлийг дэмжсэн, оюутныг хөгжүүлэх зорилготой “Цахиур” клуб ажилладаг бөгөөд тэнхимийн багш нар, клубийн тэргүүлэгч гишүүд санаачлан тэнхимийн оюутнуудын судалгааны ажил, мэдээллийн технологийн мэдлэгийг сайжруулах, англи хэлний мэдлэг олгох богино хугацааны сургалтуудыг явуулж оюутнуудынхаа ажлын байранд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тэнхимийн багш нар “Оюутны гарааны компанийг дэмжих инкубатор төв, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, судалгааны төвүүд үйл ажиллагаа явуулж судалгаа хийх, төсөл бичих, илтгэх чадвараа хөгжүүлэх, харилцааны соёлын сургалтад хамруулах замаар хувь хүнийг чадваржуулахад анхаарч ажиллахаас гадна ажилд зуучлуулан цагийн ажил боломжийг олгон ажиллаж байна. Мөн тэнхимийн багш оюутнуудын спорт, урлагийн арга хэмжээ, явган аялал, маркетингийн өдөрлөг болон бусад мэргэжлийн болон хөгжөөнт тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ажилладаг.

Тэнхимийн багш төгсөгчид хамтран суралцаж буй оюутнуудыг дадлагын баазаар хангах, ажлын байранд зуучлахаас гадна оюутнуудаа Нягтлан бодох бүртгэлийн олимпиад, Маркетингийн өдөрлөгт оролцуулснаар ажил олгогчидтой тогтоох харилцаа холбоог өргөжүүлж байна.

Тэнхимийн дэргэдэх "Зүүн бүсийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"

Дорнод их сургууль нь анх 2019 оны 4 сарын 18 нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах стандартын шаардлага хангасан дүгнэлтийг үндэслэн бүртгэлийн” гэрчилгээгээ авч оюутнуудыг ажилд зуучлах, ажлын байранд дадлагажуулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Одоогийн байдлаар нийтдээ 70 гаруй оюутнуудыг цагийн ажил зуучилсан байна. Цаашдаа дан ганц оюутан гэлтгүй Дорнод аймгийн хэмжээнд залуучуудад үйлчлэн түр болон цагийн ажилд зуучлах  ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.