“Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байран суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо.

БШУЯ нь Их сургуулиуд, Ажил олгогчидтой хамтраад Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх, Төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооны төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Mанай их сургуулиудын төлөөлөл Европын зарим орнуудын дээд боловсролын тогтолцоонд хэрэгжсэн “ажлын байранд суурилсан сургалтын сайн туршлага”-ыг судалж, өөрийн онцлогт нийцүүлэн дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхээр санаачилгатай ажиллаад, тодорхой үр дүнгүүдийг гаргасан.

Хэлэлцүүлэгт Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж төгсөөд шууд ажлын урилга авч, одоо тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа оюутнууд өөрийн сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, өөрийн ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ хуваалцлаа.

Ажлын байранд сургах хөтөлбөр нь өнөөдөр тулгамдаад байгаа төгсөгчдийн төгсөнгүүтээ ажлын байртай болох, ажил хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарын хүний нөөцийн хомсдолтой асуудлыг Их сургууль-Ажил олгогч байгууллага хамтран шийдэх боломж шийдэл гэж үзэж харж байгаа. Нөгөө талд, Дээд боловсролтой төгсөгчдийн ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн шаардлагын зөрүүтэй байдал нь Ажил олгогчдын болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байгаа асуудлыг шийдэхэд чиглэж байгаагаараа нийгэмд ихээхэн ач холбогдолтой.

Тиймээс Их дээд сургуулиуд оюутнуудыг сурч байх хугацаанд нь онолын мэдлэгээс гадна шаардлагатай хөдөлмөр эрхлэх практик ур чадвар олгох, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бүрэн бэлтгэхэд шаардлагатай байгаа юм.

Ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээлд бүрэн бэлтгэгдсэн төгсөгч бэлтгэх чиглэлд Төрийн зүгээс тодорхой бодлого, зохицуулалт шаардлагатай байгаа. Их сургуулиудын хувьд одоогийн хэрэгжүүлж байгаа дадлагын уламжлалт тогтолцоогоо өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарч байна. Ажил олгогчийн хувьд их сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх, илүү үр дүнтэй хамтарч ажилладаг байх хэрэгцээ шаардлага байна.

Дан ганц бодлого зохицуулалт бий болоод энэ ажил боллоо гэсэн үг биш. Цаашдаа Ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн төгсөгч, ирээдүйн боловсон хүчнийг Их сургуулиуд, Аж ахуйн нэгж, компаниудын хамтарч бэлтгэх, хамтын ажиллагаа, дэмжлэг, идэвхтэй оролцоо нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Үр дүнгийн хэлэлцүүлэгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никейз, Франц Улсаас Монгол Улсад суугаа  онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Герман Улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга ноён Удо Вебер, Боловсрол Шинжлэх Ухааны яамны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга ноён Тамир нар нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт их дээд сургуулийн удирдлага, багш, оюутнууд, Бизнесийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 150 орчим хүн оролцсон байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Монгол улсад тулгамдаад байгаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт болон бизнесийн салбарын хүний нөөцийн асуудлыг Их сургууль, Ажил олгогч байгууллага хамтран шийдэх боломж шийдэл гэж үзэж, тэр дундаа ажил олгогчдын төлөөлөл их сургуулиудтай хамтран ажлын байранд оюутнуудыг бэлтгэх сургалтад хамтран ажиллах, бусад төсөлд оролцоогүй их сургуулиуд ч Бизнесийн байгууллагуудтай хамтран Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байр сууриа илэрхийлж байна.