Оросын холбооны улсын ард түмний төрөлх хэлийг хадгалах, судлах сангаас Орос хэл сурах, орос хэл дээр боловсрол эзэмших, боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй Дорнод аймгийн хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан “Орос хэлний сургалт, Нээлттэй боловсролын төв”-ийг байгууллаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд цаашид хүний хөгжлийг дэмжсэн болон хоёр орны ёс заншил, түүхтэй танилцах, боловсрол, шинжлэх ухааны дэвшлийн ололт амжилтаас суралцахад чиглэсэн олон төрлийн ажлууд хийгдэх юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Дорнод их сургуулийн захирал Э.Ундармаа, “Содействие-соёл-боловсролын хөтөлбөрийг дэмжих сан”-ийн орлогч захирал, судлалын дэд эрдэмтэн Козлова Татьяана Викторовна тэргүүтэй төлөөлөгчид болон Дорнод аймгийн гадаад хэлний багш нар оролцов. Уг үйл ажиллагааны үеэр: – Шинэ ирсэн номын үзэсгэлэн – Докторын судалгааны ажил гүйцэтгэх, диссертаци бичих аргазүй сургалт – Орос хэлийг гадаад улс орнуудад түгээн дэлгэрүүлэхэд А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн гүйцэтгэж буй үүрэг оролцоо сургалт – “Орос хэлээр боловсрол эзэмших нь” портал -“Номын сангийн талаарх орчин үеийн үзэл баримтлал” танилцуулга -“Орос хэл сурах, орос хэлээр боловсрол эзэмшихэд номын санг ашиглах боломжууд” туршилт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Мөн Дорнод их сургууль оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Дорнод их сургуулийн дэргэдэх 16 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод зориулж урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.