Түүхэн товчоо
Түүхэн уламжлал: Монголын нэрт соён гэгээрүүлэгч ТО ВАН буюу Б.Тогтохтөр вангийн үүсгэн байгуулсан “Мэргэн ардын сургууль”-ийн үе үеийн тусгал болох тус сургуулийн үндэс нь 1951 оноос эхлэн Чойбалсан хотын 10 жилийн 1 дүгээр сургууль дээр “БАГШИЙН СОНГОН” нэртэй дугуйлан хичээллүүлж, шилдэг сурагчдад багшлах эрх олгодог байснаас улбаалан 1953 онд Ардыг Гэгээрүүлэх Яамнаас тус аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гаргажээ. 1953-1959 оны хооронд 300-аад бага ангийн багш бэлтгэн, Зүүн бүс нутгаа боловсон хүчнээр хангасан байна.
Дорнод аймаг дахь Багшийн сургууль
1990 оны ардчилсан хувьсгалын эхэн үед Зүүн бүс нутагт бага ангийн багш дутагдах болсон нөхцөл байдал,Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн үлдээсэн сургуулийн иж бүрэн цогцолбор байгууламж зэрэгт түшиглэн багш бэлтгэдэг сургууль байгуулах аймгийн АДХГЗ-ны саналыг үндэслэн Ардын боловсролын сайдын 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232 тоот тушаалаар Дорнод аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гарч, аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 7 сарын 29 –ны 58 тоот захирамжаар “Дорнод аймаг дахь Багшийн сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 8 сарын1-нээс захиргааны, 9 сарын 1-нээс сургалтын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Сургуулийн анхны захирлаар Лхамжавын Чойжинням томилогдож, бүс болон аймгийн тэргүүний багш нарын дотроос сонгон шалгаруулж авсан 17 багш, Улаанбаатарын Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас суралцаж байсан болон шинээр элссэн оюутнууд нийлээд 223 оюутантай, 23 ажилчидтай байв.
Улаанбаатар хотын Багшийн сургууль ,Цэцэрлэгийн багшийн сургуулийн сургалтын программд түшиглэн боловсруулсан хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж, тусгай дунд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж эхэлсэн. 1991-1992 оны хичээлийн жилийн эцсээр Улаанбаатар хотоос шилжиж ирсэн СӨНХ-ийн болон 1992-1993 оны хичээлийн жилд бага ангийн багшийн ангийн анхны төгсөлтөө хийж, 1991 онд анх элссэн тус сургуулийн үндсэн оюутнууд 1994 онд төгссөн байна.
МУБИС-ийн харьяа Дорнод аймаг дахь багшийн коллеж
Дээд боловсролын байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох бодлогоор 2000 оны 9 сарын 1-нээс Шинжлэх ухаан, боловсролын сайдын тушаалаар Дорнод аймаг дахь Багшийн коллеж, Улаанбаатарын Багшийн коллеж, Архангай аймаг дахь Багшийн коллежүүдийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяалалд оруулах шийдвэр гарсан тул “МУБИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Багшийн коллеж” болж удирдлага, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг МУБИС-аас авах болсон байна.
Тухайн үеийн сургуулийн удирдлага, орон нутгийн нөхцөл байдал, багшлах боловсон хүчний ур чадварт түшиглэн 2000 оноос бага анги-биеийнтамир, бага анги-дуу хөгжим, бага анги-дүрслэх урлаг,дизайны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай багшийн анги, нийгмийн ажилтны мэргэжлээр, 2002 оноос монгол хэл-уран зохиолын багш, математикийн багш, англи-монгол хэлний багш-орчуулагч, орос-монгол хэлний багш-орчуулагч, хятад-монгол хэлний багш-орчуулагч мэргэжлүүдээр элсэлт авч,сургалт зохион байгуулж эхэлсэн. Сургуулийн багш, оюутан, ажилчин, албан хаагчдын хичээл зүтгэлийн дүнд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн 2003 оны 5 сарын 29-ний өдрийн 52 тоот шийдвэрээр Магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон нь сургуулийн түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэл багш болон бусад мэргэжлээр 2000 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирлээ. Манай сургуулийг төгсөгчдөөс сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, улс, бүс, аймаг, сумандаа алдраа дуурсгаж яваа олон арван багш, мэргэжилтнээрээ бид бахархаж байдаг.
Дорнод дээд сургууль
Монгол улсын “Бүсчилсэн хөгжлийн уирдлага зохицуулалтын тухай” хууль УИХ-аар батлагдаж, бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр гарч байсан түүхэн цаг үед тус сургуулийн захирал Ү.Ариунболд Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт санал тавьж улмаар засаг даргын дэргэд бүс нутгийн боловсролын тогтолцоо, түүний хөгжлийн асуудлаар судалгааны баг гаргаж ажилласан байна. Энэхүү баг нь бүсийн боловсролын хөгжилд үнэлгээ өгч Монгол улсын засгийн газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хүсэлт тавьсны дүнд Дорнод аймаг дахь Багшийн коллежийг БСШУ-ны сайдын 2005 оны 12 сарын 1-ний өдрийн 372 тоот тушаалаар Дорнод дээд сургууль болон өргөжсөн байна.
2010 оны 2 дугаар сарын 26-нд гарсан Засгийн газрын тогтоолоор тус сургуулийг Зүүн бүсийн их сургууль болгон өргөжүүлж төрийн өмчийн 16 сургуулийн нэг болсон байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2009 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар 2 дахь удаагаа 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн байна.
2011-2014 оны хооронд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу нийт 13 мэргэжлээр багш болон багш бус мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрх авсан байна.
Дорнод их сургууль
Дорнод дээд сургууль нь магистр, докторын сургалт эрхлэхийн зэрэгцээ сургуулийн дэргэд Түшиц цэцэрлэг, Лицей ахлах сургууль, Монгол судлалын төв зэрэг дэд бүтцийг бий болгож, ОХУ, БНХАУ-ийн их дээд сургуультай гэрээ хэлцэл хийн, багш оюутан солилцоог нэмэгдүүлж , бүс, орон нутггийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн,сургуулийн стратеги төлөвлөгөөний хүрээнд томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлсэнээр 2015-2016 оны хичээлийнн жилд Дорнод их сургууль болон өргөжсөн нь хамт олон суралцагчдын бахархал юм.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Багш, Бага боловсролын (№20182029); Багш, Сургуулийн өмнөх боловсролын (№20182030) Нягтлан бодох, бүртгэлийн (№20182033) хөтөлбөрүүд тус тус магадлан итгэмжлэлийн гэрчилгээнүүдээ хүлээн авсан байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолоор 20191009 дугаартай 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авснаар 3 дахь удаагаа байгууллага магадлан итгэмжлэгдсэн байна.
2020-2021 оны хичээлийн жилд Сургалтын бодлого төлөвлөлтийн алба нь “Хувь хүний чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих” зорилго тавьж ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэхдээ:
- Европын холбооны Эрасмус төслийн санхүүжилттэй "Монгол улсад тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх" төслийг хэрэгжүүлэн тэгш хамруулан сургах сургалтын үзэл санаа, туршлагаас суралцан, багш мэргэжлийн хөтөлбөрийн үзэл баримтлалд хувь хүний хөгжлийн хэрэгцээнд нийцсэн арга зүйг түгээн дэлгэрүүлэх;
- Европын холбооны Эрасмус төслийн санхүүжилттэй “Introducing work-based learning in Mongolia towards better employability of university graduates” буюу “Ажил дээрх дадлагад суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх /MONGWBL/” төслийг хэрэгжүүлэн дадлагад суурилсан сургалтын загвар хөтөлбөрийг боловсруулан байгуулага хоорондын түншлэлийг сайжруулах зорилгоор үр дүнд суурилсан суралцахуйг удирдан чиглүүлэх;
- Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын хөгжлийн албатай хамтран хамтран багшийн хөгжил хөтөлбөр (2018-2022)-ийг амжилттай хэрэгжүүлэн судалгаа, инновацийн чиглэлээр онол, арга зүйн сургалт, зохион байгуулж, судалгаа хийх туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон онцлог ажлуудыг хэрэгжүүлж байна.
- 2020-2021 оны хичээлийн жил манай сургуулийн хувьд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажилд ахиц гарсан амжилттай жил болсон. Онцлон хэлэх юм бол С.Батдулам, Р.Жаргалтуяа багш нар Унгар улсад, Н.Баярмаа БНСУ-д тус тус докторын зэрэг хамгаалсан нь бахархууштай сайхан үйл явдал байлаа. Мөн тус сургуулийн эрдэмтэн судлаач багш нар ОУ-ын ЭШХ болон улсын чанартай, орон нутгийн их дээд сургуулийн ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн байна. Үүнд: Доктор С.Бадулам багш Web of Science Scopus санд–д бүртгэлтэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн байна.
МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль
Монгол Улсын Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлого, төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг орон нутагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” хэлбэрээр хөгжүүлэх зорилгын хүрээнд гаргасан 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тогтоол болон МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Дорнод их сургууль нь Монгол Улсын Их Сургуулийн Дорнод аймаг дахь салбар сургууль болсон.
МУИС-ийн салбар сургууль болсноор төгсөгчдөдөө МУИС-ийн диплом, энгэрийн тэмдгийг гардуулан өгдөг болсон. Анхны МУИС-иар овоглосон төгсөлтийг 2022-2023 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд хийж байжээ.
2022-2023 оны хичээлийн жилийн онцлох үйл ажиллагаа
- “Боловсрол судлал” магистрын хөтөлбөрийг 5 жилийн хугацаагаар үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн.
- Ковидын дараах гадаад харилцааг сэргээн оюутан солилцоог идэвжүүлэн Гадаад хэлний орчуулга(Хятад хэл) болон Газрын тосны инженерийн хөтөлбөрүүдийн оюутнууд давхардсан тоогоор 50 гаруй суралцагч урт, богино хугацаагаар оюутан солилцоонд хамрагдсан.
- Европын холбооны Эрасмус төслийн санхүүжилттэй "Монгол улсад тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх" болон “Ажил дээрх дадлагад суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх /MONGWBL/” төслүүдийн хүрээнд давхардсан тоогоор 15 багш европын орнуудын их, дээд сургуулиудаар туршлага судлан, мэргэжил дээшлүүлэн суралцсан.
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль
МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн нэршлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 15 дугаар тогтоолоор МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болгон өөрчилсөн.
МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, либерал арт уламжлалд суурилсан хөтөлбөрт нийцүүлэн бүс нутгийн хөгжлийг загварчлагч судалгааны их сургууль болох зорилго тавьж, сургалт судалгааны ажлыг улам бүр эрчимжүүлэн боловсролын үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахад хувь оруулах нь бидний үүрэг билээ.
Мөн бүс нутгийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц чадварлаг багшлах хүний нөөцийг бэлтгэж ирсэн уламжлалаа хадгалж, улам чадавхжуулах, тасралтгүй хөгжүүлэх бодлогыг шинэ түвшинд хүргэхээр зорьж байна.