Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулийн 35 жилийн ойн хүрээнд 17 дахь удаагийн “Green and Digital Marketing Expo-2026” маркетингийн өдөрлөгийг 2026 оны 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон сэтгэлгээ, дижитал өсөлт” уриан дор Үзэсгэлэн худалдаа-төсөл, Хувцас загварын уралдаан, Бодлогын хэлэлцүүлэг гэсэн үндсэн 3 чиглэлээр өрнөлөө.
- “Green Eco Fashion Show” хувцас загварын уралдаан: “Ногоон ирээдүй, дижитал сэтгэлгээ” уриатайгаар зохион байгуулагдсан тус уралдаан нь дахин боловсруулах боломжтой материал ашиглан хувцас урлах замаар суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ногоон боловсролын үзэл санааг сурталчлан түгээх зорилготой байв. Тэмцээнд Дорнод, Сүхбаатар аймгийн 8 сургуулийн 47 баг бүтээлээ толилууллаа.
- Маркетинг экспо, үзэсгэлэн худалдаа: Арга хэмжээнд МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болон Политехник коллежийн 25 багийн 115 оюутан залуус оролцов. Үүнээс 17 баг нь аж ахуйн нэгж байгууллагуудтай, 8 баг нь жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, тухайн байгууллагуудын үйл ажиллагаанд ногоон сэтгэлгээ, дижитал хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр төсөл боловсруулан танилцуулсан байна.
- Бодлогын хэлэлцүүлэг: Хэлэлцүүлэгт 1 үндсэн илтгэгч, 5 панелист оролцсон бөгөөд төр, хувийн хэвшил, банк санхүү, ТББ болон их, дээд сургуулийн төлөөлөл болох 25 зочин оролцлоо. Тэд бүс нутгийн ногоон хөгжил, дижитал шилжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хөндөж, шийдвэрлэх боломжуудын талаар хэлэлцэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.



















