Орчуулга, хятад хэл (Аялал жуулчлал) хөтөлбөрийн оюутан М.Баасанхүү: АБСС-ын хөтөлбөрт хамрагдсанаар

Би “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” (MONGWBL) төслийн хүрээнд Дорнод аймгийн музейд 3 сарын хугацаанд цалинтай дадлага ажлыг хийж гүйцэтгэсэн. Дадлага ажлын хүрээнд тус байгууллага дээр хийгддэг олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна өөрийн санал санаачилга, бүтээлч сэтгэлгээгээ ашиглан шинэ зүйлсийг туршин нэвтрүүлсэн нь миний хувьд маш том туршлага болж үлдсэн. Хийж гүйцэтгэсэн ажлууд болон эзэмшсэн ур чадваруудаас дурдвал:

- Музей үзэхээр зорин ирсэн зочид үйлчлүүлэгчдэд тайлбар хийдэг байсан нь өв соёл, уламжлал, зан заншил, Монгол ахуйтайгаа танилцах, гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж, танилцуулга хийх, өөрийгөө илэрхийлэх болоод харилцааны чадваруудыг хөгжүүлэхэд маш том дэмжлэг болсон.

- Дорнод аймагт буй хөшөө дурсгалуудын эвдрэл гэмтлийг шалган, дроны тусламжтайгаар зураг авч, бичлэг хийсэн нь орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан бүтээл гаргах боломж олгосон.

- Гарын авлага, тараах материал, бяцхан ном зэргийг өөрийн гараар менторын зөвлөгөө чиглүүлгийн дор хийж байж байсан нь бүтээлч сэтгэлгээг маань хөгжүүлэхэд тус нэмэр болсон.

- Ажилчдад олгож буй бүх сургалтанд хамрагдаж байсан бөгөөд ажилтан байгууллага дээрээ тасралтгүй сурч, хөгжиж байдгийг ойлгосон.

- Эсгий урлал хийх сургалтад хамрагдаж, эсгийгээр олбог хийж сурсан.

- Музейн уран зургийг сэргээн засварласан.

- Дорнод аймгийн музей нь “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монгол дээл” үзэсгэлэн, Катар-2022 Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан Хөл бөмбөгийн фанат, цуглуулагч Ж. Зоригтбаатарын цуглуулгын үзэсгэлэнгүүдийг нээсэн. Эдгээр үзэсгэлэнгүүдийг нээх үйл ажиллагаанд оролцож, аливаа үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, багаар ажиллах зэрэг ур чадварт тодорхой хэмжээгээр суралцсан.

- Хилийн цэргийн 0132-р ангийн хугацаат цэргийн алба хаагчдад “Дорнодын алдартнууд” боловсролын хөтөлбөр танилцуулж, танин мэдэхүйн “Алтан хонх” болон “Шоог эвлүүл” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан ба тус үйл ажиллагаанд шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэсэн.

Энэ төсөлд хамрагдаж, олон талын мэдлэг, ур чадварт суралцах боломжийг олгосон уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болоод МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн хамт олон, ажлын байран дээр дагалдуулан суралцуулсан Дорнод аймгийн музейн хамт олон, 3 сарын хугацаанд аливаа үүссэн асуудал бэрхшээлийг хамтдаа даван туулсан ангийн хамт олондоо талархал илэрхийлье. Цаашид тус төсөл тасралтгүй, тогтвортой хэрэгжиж, оюутнуудыг ажлын байранд нь бэлдэж, амжилттай хөдөлмөрлөхөд нь дэмжлэг болно гэдэгт итгэж байна.