Грек улсын Македонийн их сургуулиас зохион байгуулсан сургалт, туршлага судлах аялалд МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн багш, удирдлагын төлөөлөл хамрагдав.
Монголын 5 их сургууль, БШУЯ, аж ахуйн нэгж 3 байгууллага, Европын холбооны улсын 4 их сургуулийн нийт 50 орчим төлөөлөл уулзаж, Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр (АБСС)-ийг хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл, тэдгээрийг даван туулж буй туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Грек улсын Тсалоники хотод боллоо.
Эхний өдөр АБСС-г Монгол улсын дээд боловсролын салбарт туршин хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, ололт амжилт болон Грекийн Македонийн их сургуульд АБСС-г хэрэгжүүлэхэд баримталж буй бодлого, чиглэл, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэний дараа Тсалоники хотын аялал жуулчлалын холбооны болон АБСС-н хөтөлбөрт хамрагдаж байсан Македонийн их сургуулийн төгсөгчийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болсон. Сургалтад оролцогчид сургуулийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, номын сан зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Хоёр дахь өдөр Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хамрагдсан Македонийн их сургуулийн оюутнууд өөрсдийн олж авсан мэдлэг, чадвар, туршлага, амжилтаасаа хуваалцсан сонирхолтой ярилцлага-хэлэлцүүлэг өрнөсөн.
Тсалоники хотын банк, даатгал, аялал жуулчлалын салбарын ажил олгогчдын зүгээс АБСС-н зохион байгуулалт, байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, оюутны хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанууд болон оюутны үнэлгээний талаар тайлбарлаж, оролцогчдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Гурав дахь өдөр Румын улсын Трансилваны их сургуулийн бгш нар оюутан солилцооны зуны хөтөлбөр, Франц улсын Лионы Люмирын их сургуулийн багш нар Аялал жуулчлалын чиглэлээр ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт гадаад оюутнууд суралцах боломжийн талаар танилцууллаа. Сургалтад оролцогчид Тсалоники хотын банк, даатгалын болон аялал жуулчлалын компани, зочид буудал зоогийн газруудад очиж үйл ажиллагаатай нь танилцсаны зэрэгцээ Тсалоники хотын банк, Монгол улсын Голомт, Төрийн банк, их сургуулиудын төлөөллүүд уулзаж, Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Отгонтэнгэр их сургуулийн удирдлага, зохицуулалттайгаар Европын холбооны улсын шилдэг их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй “Монголын дээд боловсролын салбарт ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь Монголын дээл боловсролын хөгжилд тодорхой эерэг үр дүнг бий болгож байна.