Оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг дээшлүүлэх,бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаарх тэдний шинэ санаа, бодит шийдлүүдийг сонсож хэлэлцэх, оюутнууд хооронд туршлага солилцох боломжийг олгох зорилготой эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал “Бүс нутгийн хөгжилд оюутны оролцоо” сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.
Орон нутгийн хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагын оруулж буй хувь нэмэр, дээд боловсролын сургалтын байгууллага болон оюутны хөгжлийг дэмжсэн орон нутгийн бодлого, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад оюутнуудын идэвхтэй оролцооны талаар сонирхолтой илтгэлүүдийг МУИС-ийн Зүүн сургууль, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн оюутнууд танилцуулав.
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан Х.Анужин, Ц.Мичидмаа нарын хэлэлцүүлсэн “МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн оюутнуудын хог хаягдлыг ялгах мэдлэг хандлагад хийсэн судалгаа (нийгэм ба боловсрол)" сэдэвт илтгэл “Шилдэг илтгэл”-ээр шалгарсан байна.
Хурлын төгсгөлд өөрийн сургуулийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгарч буй иасуудлууд болон орон нутгийн удирдлага, хамтран ажиллагч байгууллагуудаас үзүүлж буй дэмжлэгийн үр дүнгийн талаар оролцогч сургуулиудын удирдлагууд танилцуулж, туршлагаа хуваалцсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа.




