МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Мэдээллийн технологи хөтөлбөрийн 2–4 дүгээр түвшний 13 оюутан 2 багшийн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын Орос хэлний дээд сургуульд 2026 оны 10 дугаар сарын 23–30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Орос-Монголын хиймэл оюун ухааны сургалтын хөтөлбөр”-т хамрагдлаа.
Тус сургалт нь оюутнуудад хиймэл оюун ухаан, робот техник, автоматжуулалт болон орчин үеийн технологийн хэрэглээний талаар онолын мэдлэг олгохоос гадна практик ур чадварыг хөгжүүлэх, олон улсын сургалтын орчинд туршлага хуримтлуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн юм.
Сургалтын хугацаанд оюутнууд дараах чиглэлээр онол, практик хосолсон сургалтад хамрагдав. Үүнд:

Робот техник, программчлал: Magician E6 сургалтын роботын бүтэц, ажиллах зарчим, хөдөлгөөний удирдлага, программчлал, TCP холболт болон дүрс таних модулийн хэрэглээтэй танилцаж, дадлага ажил гүйцэтгэсэн.

Автоматжуулалтын технологи: PLC технологийн үндсэн ойлголт, үйлдвэрлэлийн автоматжуулалт болон роботын удирдлагын системийн талаар мэдлэг эзэмшсэн.

Дрон технологи: Дроны удирдлага, нислэгийн туршилт, агаарын зураг авалтын арга ажиллагаатай танилцаж, практик дадлагад оролцсон.

Хиймэл оюун ухаан, AIGC технологи: Хиймэл оюун ухаанд суурилсан зураг үүсгэх, дүрс боловсруулах, засварлах технологийг ашиглан практик ажил хийсэн.
Мөн сургалтын хүрээнд Манжуур хотын музей болон бусад соёлын газруудаар зочилж, тухайн бүс нутгийн түүх, соёлтой танилцан, оролцогчид хоорондоо харилцаж, туршлага солилцох үйл ажиллагаанд хамрагдлаа.

Энэхүү олон улсын сургалт нь оюутнуудын мэргэжлийн мэдлэгийг өргөжүүлэх, онолын мэдлэгээ бодит төхөөрөмж, технологи дээр турших, багаар ажиллах болон бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
Түүнчлэн гадаадын боловсролын байгууллагын сургалтын орчин, арга барилтай танилцаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үнэ цэнтэй боломж боллоо.

Сургалтад амжилттай хамрагдсан нийт оюутан, багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль
