БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн оюутнуудыг орон нутагтаа суралцаж, хөгжихийг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг, амьжиргааны тэтгэмж олгох хөтөлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Сургалтын тэтгэлэг олгох 8 дахь удаагийн ёслол 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр болж, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, нийгмийн идэвх санаачилгаараа бусдыгаа тэргүүлэн суралцаж буй бакалавр, магистрын хөтөлбөрийн 23 оюутанд 50.000 юань буюу 23.560.000 төгрөгийн тэтгэлэг олголоо.
Тэтгэлэг олгох ёслолд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, доктор, дэд профессор Д.Бадмаанямбуу, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кө Юү Шөн, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Сонинбаяр, “Шинь Шинь” ХХК-ийн захирал Сун Гүй Мин нарын төлөөлөгчид оролцож, тэтгэлэг хүртсэн оюутнуудын цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажилд нь амжилт хүслээ.