МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь өөрийн орны болон Европын их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол Улсын багшийн боловсролын шинэ чиг хандлагыг тодорхойлох, ногоон болон дижитал чадамжид суурилсан багшийн боловсролын загварыг боловсруулан мөрдлөг болгох, түүнчлэн багш бэлтгэх хөтөлбөрүүдийг үе шаттайгаар шинэчлэн нэвтрүүлэх зорилго бүхий “Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд тохируулан шинэчлэн хөгжүүлэх нь” (RETEACH) төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн багийн гишүүд Итали улсын Палермо хотод чадавхи бэхжүүлэх сургалтуудад хамрагдаж, улмаар Монгол Улсын багшийн боловсролын шинэ чиг хандлагыг тодорхойлох, ногоон болон цахим чадамжид суурилсан багшийн боловсролын загварыг төлөвлөх, үндэсний түвшний бодлогын баримт бичгийг шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд “2027-2032 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Багш боловсролын үзэл баримтлал” болон “Багш бэлтгэх хөтөлбөрт ногоон болон дижитал ур чадвар шингээн шинэчлэх шалгуурын ерөнхий хүрээ (benchmarks)” гэсэн 2 үндсэн баримт бичгийг хамтран боловсруулахад оролцож байна.
Төслийн хүрээнд сургалтын шинэчилсэн хөтөлбөрүүдийг туршин хэрэгжүүлэх 4 дүгээр ажлын багцыг МУБИС удирдан чиглүүлэх бөгөөд тус сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор, төслийн багийн ахлагч Д.Үүрийнтуяа МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд 2026.04.06-ны өдөр хүрэлцэн ирж, “Багш бэлтгэх хөтөлбөрт ногоон болон дижитал ур чадвар шингээн шинэчлэх шалгуурын ерөнхий хүрээ (benchmarks)”-ний дагуу хөтөлбөрөө шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлуудын талаар төслийн багийн гишүүдэд танилцуулж, зөвлөн туслах ажлыг гүйцэтгэлээ.

