АЖИЛ ОЛГОГЧДОД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжиж буй “МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЭН ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” (MONGWBL) олон улсын хамтарсан төслийн хүрээнд боловсруулсан Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн туршилт МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуульд эхэлж байна.
Ажлын байранд суурилсан сургалттай холбогдох үндэсний бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль зүйн орчныг бүрдүүлэх, түүнд нийцүүлэн ажлын байранд суурилсан сургалтын загвар хөтөлбөрийг их дээд сургуулиуд хэрэгжүүлэх, их дээд сургууль болон аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь тус төслийн зорилго юм.
Орон нутагт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл ТББ, Өэлүн-Онон жуулчны бааз, Чойбалсан Event зочид буудал , Чадангууд зочид буудал зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөл болон Хятад хэлний орчуулга-аялал жуулчлал хөтөлбөрийн багш, суралцагсад оролцсон “Чиглүүлэх сургалт”-ыг МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн төслийн багийн гишүүд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар тус сургуулийн профессор багш нарын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгч, оюутныг дагалдуулан сургах сургалтын график, дадлагын удирдамжид тусгасан нөхцөл шаардлага, холбогдох баримт бичиг болоод ажил олгогч, их сургууль хооронд байгуулах дагалдуулан сургах сургалтын гэрээний төслийг танилцуулж, улмаар оюутныг ажлын байран дээр цалинтай ажиллуулах үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж, хамтран ажиллах талаар ярилцан хэлэлцэж, ажил олгогч нарын зүгээс тодорхой санал, шийдвэрүүдийг гаргав.
Дээд боловсролын сургалтын байгууллага, ажил олгогч нарын харилцан ойлголцсон, үр өгөөжтэй хамтын ажиллагаа, түншлэл нь чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болно.