“МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЭН ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” төслийн дунд шатны үнэлгээ хийгдэж байна

Ажлын байранд суурилсан сургалттай холбогдох үндэсний бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль зүйн орчныг бүрдүүлэх, түүнд нийцүүлэн ажлын байранд суурилсан сургалтын загвар хөтөлбөрийг их дээд сургуулиуд хэрэгжүүлэх, их дээд сургууль болон аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий “МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЭН ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” (MONGWBL) олон улсын хамтарсан төслийг Монгол Улсын Их Сургуулийн Дорнод аймаг дахь сургууль нь Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилтээр 2021 оны 1  дүгээр сараас хэрэгжүүлж байна.

Европын холбооны дөрвөн орны их сургууль, Монголын таван их сургууль, БШУЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Төрийн банк, Голомт банк хамтран оролцож буй уг төслийн зохицуулагч  байгууллага нь Отгонтэнгэр их сургууль юм.

Төслийн үндэсний болон олон улсын зохицуулагч нараас бүрдсэн Дунд шатны хяналт-үнэлгээ хийх ажлын хэсэг нь Дорнод сургуульд хүрэлцэн ирж, 2022 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  сургуулийн удирдлага, багш, оюутнууд болон төслийн хүрээнд боловсруулсан Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн туршилтыг хамтран хэрэгжүүлж буй аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагуудын хамт олонтой цуврал уулзалтуудыг зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, зөвлөн тусалж ажиллалаа.

Монгол Улсын Их Сургуулийн Дорнод аймаг дахь сургуулийн Хятад хэлний орчуулга-аялал жуулчлалын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг цалинтай дадлагажуулж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтын ажиллагаагаа эхэлж буй Чойбалсан групп ХХК, Ийст палас зочид буудал, Өэлүн Онон амралтын бааз, Дорнод аймгийн музейн хамт олонд талархал илэрхийлж байна.

Салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд дээд боловсролын сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа ихээхэн чухал үүрэгтэй.