БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургууль, Манжуур хотын Орос хэлний дээд сургууль (Өвөрмонголын их сургуулийн Манжуур дээд сургууль), Хянган аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд ажлын айлчлал хийлээ

МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн захирал тэргүүтэй ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургууль, Манжуур хотын Орос хэлний дээд сургууль (Өвөрмонголын их сургуулийн Манжуур дээд сургууль), Хянган аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд ажлын айлчлал хийлээ.

* Дорнод сургууль нь 1992 оноос хойш Хөлөнбуйр дээд сургуультай хамтын ажиллагаа тогтоож, оюутан болон багш солилцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Айлчлалын үеэр “Сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн хүрээнд хамтран ажиллах”, “Бакалаврын сургалтын 2+2 хөтөлбөр”-ийн гэрээнүүдийг шинэчлэн баталгаажууллаа. Мөн 2023 оны 10 дугаар сараас 12 дугаар саруудад хэрэгжих Оюутан солилцооны богино хугацааны хөтөлбөрт сургууль тус бүрээс 10-12 оюутан хамруулах бэлтгэл хийгдэж байна.

*Манжуур хотын Орос хэлний дээд сургууль (Өвөрмонголын их сургуулийн Манжуур дээд сургууль)-тай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа ба энэхүү айлчлалаар 2019 онд байгуулсан санамж бичгийн хугацааг сунгаж, баталгаажууллаа. Цаашид хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцон ярилцаж, оюутны богино болон урт хугацааны дадлага, оюутан  суралцагч, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, хүүхэд залуучуудын урлаг, спорт, соёлын наадам зохион байгуулахаар хоёр сургуулийн удирдлагууд шийдвэрлэлээ.

* Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болох зорилго тавин ажиллаж буй Хянган аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөлд Монголын дээд боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, Дорнод сургуулийн Бакалаврын болон Ахисан түвшний хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тус сургуулийн эрдмийн зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ Дорнод сургуулийн зүгээс илэрхийлсэн. Уулзалтад оролцогчид оюутан, багш солилцооны хөтөлбөр, бакалаврын сургалтын 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, дэд бакалавр зэрэгтэй төгсөгчдийг бакалаврын зэрэгтэй болоход хамтран ажиллах, Дорнод сургуулийн ахисан түвшний хөтөлбөрт багш, ажилтнуудыг хамруулах талаар ярилцаж, энэ хичээлийн жилд хамтын ажиллагааны гэрээ байгуулан дээр дурдсан ажлуудаа эхлүүлэхээр тохиролцлоо.