Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь

2023.10.23

“ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” (MONGWBL) ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА, НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас” төслийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудаас анх удаа Европын холбооны 100 хувийн санхүүжилттэй хэрэгжих төсөлд нийт 1,032 төсөл мэдүүлснээс 164 төсөл сонгогдож, санхүүжүүлэхээр сонгосны дотор Отгонтэнгэр их сургуулийн төслийн багийн мэдүүлсэн төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” төсөл шалгарсан аж. Үүнтэй уялдуулан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” (MONGWBL) төслийн танилцуулга, нээлтийн үйл ажиллагаа 2021 оны хоёрдугаар сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар боллоо. Уулзалтын үеэр төгсөгчдийн ажил эрхлэлт нь их сургуулийн чанарыг илтгэн харуулдаг чухал шалгуурын нэг бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр их сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолж, Элчин сайдууд бүхий л талаар тусалж дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв. 

 

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр их дээд сургууль төгсөгчдийн 40% нь мэргэжлийн чиглэлийн ажил эрхэлж байгаа судалгаа байна. Үнэн хэрэгтээ шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдац нь шинээр гарч ирэх мэргэжил, түүнтэй холбоотой ур чадваруудыг олгохын тулд илүү уян хатан боловсролын тогтолцоог бий болгох, хурдацтай өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад мэргэжлийн мэдлэгийг хэрэглэх тал бүрийн ерөнхий дадал чадварыг хөгжүүлэхэд түлхэц болох, тодорхой мэргэжлийн ажилд шаардлагатай мэргэшлийн ур чадварыг амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай байхыг шаардаж байна.
Дэлхийд өрсөлдөх чадвартай, хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байрны эрэлт хэрэгцээг хангаж чадах ийм л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэе. Чиний сургасан оюутан төгсөөд ямар хугацаанд ажлын байртай болж байгаагаар нь дээд боловсролын байгууллагыг үнэлж, тэднийг бодлогоор дэмжих болно. Энэхүү төсөл нь ААН байгууллага, их сургуулиудын түншлэлийг бэхжүүлэхэд шинэ жишиг тогтоох төдийгүй, ажлын байранд суурилсан сургалтын зохих хууль эрх зүйн орчин, суралцагч ажлын байранд дагалдан  суралцах дадлагын уян хатан загварыг боловсруулж, хэрэгжүүлэх шинэ тогтолцоог дээд боловсролын салбарт бий болгож буйгаараа ихээхэн ач холбогдолтой, цаг үеэ олсон болохыг” онцлон тэмдэглээд, уг төсөлд их сургуулиудтай БШУЯ хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Европын холбооны элчин сайдын яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Люка “MONGWBL төсөл нь Европын холбооны дэмжин ажиллах тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа нь нэн чухал юм. Мөн үндэсний стратеги, ажлын байранд суурилсан сургалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, дээд боловсролын байгууллагуудын түншлэлийг нэмэгдүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагад анхаарлаа төвлөрүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Цаашдаа олон их сургуулиуд Европын холбооны төсөл хөтөлбөрт хамрагдаж, боловсролын хөгжилд хамтран зүтгэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байна” гэв. Уг төслийг Монгол, Франц, Герман, Грек, Румын улсын их сургуулиуд, аж ахуйн нэгж байгууллагаас бүрдсэн 13 түншлэгч хамтран туршлага солилцон хэрэгжүүлэх ажээ.
Европын холбооны түншлэгч байгууллагад Франц улсын Люмьер Лион 2 их сургууль, Герман улсын Берлиний эдийн засаг, хуулийн сургууль, Грек улсын Македоны их сургууль, Румын улсын Брасовын Трансилваны их сургууль, Франц улсын Хил хязгааргүй аялал жуулчлалын холбоо хамтран ажиллаж байна. Төслийн дотоодын түншлэгч байгууллагуудад Отгонтэнгэр их сургууль, Боловсрол, Шинжлэх ухааны яам, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Дорнод их сургууль, Монголын аялал жуулчлалын холбоо, Төрийн банк, Голомт банк багтсан байна.